Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Ховд аймгийн нутгаар бага зэргийн цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлшинэ. Баруун аймгуудын ихэнх нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн,  Эхийн голын Баянбүрд орчим болон  говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 градус,  бусад нутгаар 4-9 градус дулаан байна.  

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 4-9 м/с, өдөртөө зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ. 7-9 градус дулаан байна.

Төлөв байдал: 9-нд нутгийн баруун өмнөд, 10-нд нутгийн хойд хэсгээр, 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 10-12-нд ихэнх нутгаар түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 10-нд нутгийн хойд хэсгээр цаашдаа ихэнх нутгаар эрс хүйтэрч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг,  Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсанНийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд 3х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.07-ны өдрийн 09:45 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 1,5 км замыг туулан 09:49 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд 5х7 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.07-ны өдрийн 13:49 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 13:54 цагт очиж, 15 минут ажиллан унтраасан.

3.Зам, тээврийн осол:

Автозамын осол: Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Бүрдэнэ багийн “Төхөмийн хөндий” гэдэг газарт /сумын төвөөс урд зүгт 40 км-т, Замын-Үүд сумаас хойд зүгт 80 км-т/ Улаанбаатар хотоос тус аймгийн Замын-Үүд сумын чиглэлд иргэн Б-гийн жолоодож явсан “Тоёота Камри” загварын суудлын автомашин /4 зорчигчтой/ автозамын зорчих хэсгийн хажуу руу онхолдож төмөр хийцэд 2 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 11.07-ны өдрийн 14:21 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн 6 алба хаагч, сумын Цагдаагийн хэлтсийн 6 алба хаагч, нийт 12 хүн, 2 автомашинтай 80 км замыг туулан 15:30 цагт очиход тус сумын Эмнэлгийн 4 ажилтан, 1 автомашинтай ажиллаж, Баянзүрх дүүргийн харьяат иргэн Б /60 настай, эрэгтэй/, О /52 настай, эмэгтэй/, БНХАУ-ын иргэн Н /67 настай, эрэгтэй/, Г /56 настай, эрэгтэй/, Я /47 настай, эрэгтэй/ нарт эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн аймгийн Нэгдсэн эмнэлэгт мөн өдрийн 17:35 цагт хүлээлгэн өгсөн.  

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Өндрөөс аврах: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд тус дүүргийн харьяат иргэн Ч /67 настай, эмэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ үсрэх гэж байна гэсэн дуудлагыг 11.07-ны өдрийн 19:11 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 4,5 км замыг туулан 19:20 цагт очиж, тус байрны 4 дүгээр давхраас аврах олс ашиглан иргэн  Ч-г аварч, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top