Монгол 30 жилд байгаагүй агаарын аврах ангитай болно

900.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын агаараас эрэн хайх яаралтай тусламжийн хоёр нисдэг тэргийг өчигдөр /2021.5.3/ Замын-Үүдийн боомтоор хүлээн авч, оруулж ирснийг албаныхан мэдээлсэн.

Францын төрийн сангийн зээлээр тус улсын Хэли-Юнион компаниас нийлүүлж буй эхний ээлжийн Airbus ЕС-145 загварын түргэн тусламж, авран хайх ажиллагааны хэрэгслээр тоноглогдсон хоёр нисдэг тэргийг Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн үйл ажиллагааг эхлүүлэх ажлын хүрээнд татан авчээ.

Уг төслийг нийт 57.9 сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр Францын төрийн сангийн “Натиксис” банкаар дамжуулан санхүүжүүлж, эхний 10 жилд үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөн, 30 жилийн хугацаанд жилийн 0.08 хувийн хүүтэйгээр төлөхөөр тохиролцсон байна.

Тодруулбал, төслийн хүрээнд Онцгой байдлын байгууллагад агаараас эрэн хайх, аврах ажиллагааны нэгж байгуулагдаж, Airbus EC-145 маркийн гурван нисдэг тэрэг, сургалтын нэг нисдэг тэрэг болон сургалтын симулятор нийлүүлж, нисгэгч, инженер-техникийн ажилтан, аврагч нар бэлтгэх ажил үргэлжилж байгаа аж.

Цаашид агаараас эрэн хайх, аврах ажиллагааны нэгжтэй холбогдолтой дүрэм, журмыг боловсруулах чиглэлээр зөвлөмж гаргах, Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангах зорилгоор Францын Иргэний аюулгүй байдал, ослын удирдлагын ерөнхий зөвлөлийн шинжээч Мишель Пьер өнгөрсөн долоо хоногт Монгол Улсад ажиллажээ.

Франц улсаас гурван нисдэг тэрэг бүхий онгоц хүлээн авснаар Монгол Улс сүүлийн 30 жилд байгаагүй агаарын аврах ангитай болно гэдгийн албаны мэргэжилтнүүд онцолсон. Агаараас эрэн хайх, аврах анги байгуулах талаар өнгөрсөн онд Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэж, тус ангийг ОБЕГ-ын харьяанд Чингис хаан олон улсын нисэх буудлыг түшиглэн ажиллуулахаар болсон билээ.

scroll to top