Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с, Алтайн салбар уулсаар зарим үед 13-15 м/с  хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон  Завхан голын эх,  Идэр, Тэс, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө,Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх  голын хөндий, Дорнод Монголын тал нутгаар 7-12 градус хүйтэн,  Монгол Алтайн уулархаг нутаг болон Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус дулаан, говийн бүс нутгийн  өмнөд хэсгээр 4 градус хүйтнээс 1 градус дулаан,  бусад нутгаар 3-8 градус  хүйтэн байна.

Улаанбаатар хотод:  Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с. 6-8 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 21-нд баруун аймгуудын ихэнх нутаг болон Хангай, Хөвсгөлийн уулсаар, 22-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 21-нд баруун аймгуудын нутгаар, 22-нд ихэнх нутгаар, 23-нд говь, талын нутгаар түр зуур 18-20 м/с хүрч ширүүснэ. 21-нд нутгийн баруун хэсгээр, 22, 23-днд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг-үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 20-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

2.Гал түймэр:

Төрийн өмчид гарсан: Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар баг, Улаанбаатар төмөр замын татах хэсэгт 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.19-ний өдрийн 15:18 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн 5 алба хаагч 1 автомашинтай 1,5 км замыг туулан 15:21 цагт очиж, 5 минут ажиллаж унтраасан.

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд “Шинэ бармет” ХХК-ийн 2х3 метрийн хэмжээтэй нам даралтын зуухны өрөөнд хураалттай хатуулаг цаас шатаж байна гэсэн дуудлагыг 11.19-ний өдрийн 08:44 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 0,5 км замыг туулан 08:46 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсанСүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багт иргэн А-гийн “Пусо” загварын том оврын ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11.19-ний өдрийн 10:41 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2 км замыг туулан 10:44 цагт очиж, 13 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд 3х3 метрийн хэмжээтэй үүдний амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 11.19-ний өдрийн 10:53 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 10:58 цагт очиж, 5  минут ажиллаж унтраасан.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Баян багт 6х7 метрийн хэмжээтэй байшингийн доторх эд хогшил шатаж байна гэсэн дуудлагыг 11.19-ний өдрийн 11:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4 км замыг туулан 11:36 цагт очиж, 28 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд 2х2 метрийн хэмжээтэй амбаар 2 ширхэг, 9х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.19-ний өдрийн 12:23 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 5 км замыг туулан 12:28 цагт очиж, 25 минут ажиллаж унтраасан.

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын “Өвдөгийн худгийн хойд дэнж” гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн зүгт 27 км-т/ Улаанбаатар хотоос Ховд аймгийн чиглэлд иргэн С-ийн жолоодож явсан “Норд бенз” загварын том оврын ачааны автомашины чиргүүл дээрх ачаа шатаж байна гэсэн дуудлагыг 11.19-ний өдрийн 18:07 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 27 км замыг туулан 18:29 цагт очиж, 3 цаг 6 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд 5х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.20-ны өдрийн 03:02 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 10.5 км замыг туулан 03:14 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд 5 ханатай гэр, 4х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.20-ны өдрийн 04:46 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 8 км замыг туулан 05:00 цагт очиж, 30 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт тус дүүргийн харьяат иргэн Э /56 настай, эмэгтэй/, Т /56 настай, эрэгтэй/, У /26 настай, эмэгтэй/ нар угаартсан байсныг эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Төв аймгийн Жаргалант сумын Буурал багийн “Өлийн даваа” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 10 км-т, аймгийн төвөөс баруун хойд зүгт 181 км-т/ тус аймгийн Жаргалант сумаас Цээл сум руу 11.16-ны өдрийн 11:00 цагт  “Галлопер” загварын суудлын автомашинаар иргэн У, Б нар зорчиж яваад автомашин нь Жаргалант сумын Буурал багийн “Өлийн даваа” гэдэг газар  эвдэрч зогссон. Мөн өдрийн 13:00 цагийн орчимд тус автомашины жолооч У нь иргэн Б /40 настай, эрэгтэй/-г автомашиндаа үлдээж, өөрөө Цээл  сум руу  тусламж дуудахаар яваад 11.17-ны өдрийн 17:00 цагийн орчим буцаж ирэхэд иргэн Б сураггүй алга болсон байсан тухай дуудлагыг 11.17-ны өдрийн 23:59 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 8 алба хаагч, аймгийн Цагдаагийн газрын Жаргалант сум дахь Цагдаагийн хэсгийн 7 алба хаагч, тус сумын Засаг даргын Тамгын газрын 15 ажилтан, Цээл сумын Засаг даргын Тамгын газрын 20 албан хаагч, ар гэрийн 9 хүн, нийт 59 хүн, 1 эрэлч нохой, 11 автомашинтай 3 бүлэгт хуваагдан: 1 дүгээр бүлэг тус сумын Өгөөмөр багийн “Бэлхийн гарам” гэдэг газраас “Хөвийн давааны-Ар” гэдэг газарт, 2 дугаар бүлэг “Хүйлээ ханы-Ар” гэдэг газраас “Цээл”-ийн гол гэдэг газар хүртэл явганаар 10 км-т, 3 дугаар бүлэг 10 гуу, жалгыг самнаж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 20:15 цагт түр зогсоосон. 11.20-ны өдрийн 07:00 цагт  эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн. 

Өндрөөс аврах: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, “Цамхаг” хотхонд байрны 12 давхрын цонхноос хүүхэд унах гэж байна гэсэн дуудлагыг 11.19-ний өдрийн 16:03 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 16:12 цагт очиход Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны оршин суугч А /16 настай, эмэгтэй/ тус байрны “Наран” их дэлгүүрийн өргөтгөлийн 2 дугаар давхар дээр унасан байсныг дамнуурга, аврах олс ашиглан буулгаж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн. А нь эмнэлэгт хүргэгдэх замдаа нас барсан.

Цахилгаан шатны хөндийд унасан талаар: Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден парк хотхоны байрны цахилгаан шатны хөндийд иргэн Б /32 настай, эрэгтэй, согтуруулах ундаа хэрэглэсэн/ унасан тухай дуудлагыг 11.20-ны өдрийн 06:06 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 5.5 км замыг туулан 06:17 цагт очиж, 15 минут ажиллан гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлийн цагдаад хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top