Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

    Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун болон говийн аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 15-20 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 градус, Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн баруун хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 0-5 градус, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна.   

Улаанбаатар хотод: Үүлшинэ, цас орохгүй, салхи баруун өмнөөс 5-10 м/с, 5-7 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 16, 18-нд зарим газраар, 17-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 19-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 16-нд зарим газраар, 18-нд Алтайн салбар уулсаар, 19-нд говь, талын нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Хүйтэрч Дархадын хотгор болон Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 21-26 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

2.Гал түймэр:

Төрийн өмчид гарсан: Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Дэнж багийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 425 дугаар ангийн хашаанд 7х10 хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.14-ний өдрийн 15:44 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 4 км зам туулан 15:50 цагт очиж, 3 цаг 52 минут ажиллаж унтраасан.      

 Хувийн өмчид гарсан: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн “Хангамж” худалдааны төвийн хашаанд иргэн С-ийн эзэмшлийн “Киа Оптима” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.14-ний өдрийн 20:58 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 2 км зам туулан 21:01 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

 

scroll to top