Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с, Алтайн салбар уулсаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 19-24 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, халх голын хөндийгөөр 11-16 градус хүйтэн,  Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.  

Улаанбаатар хотод: Их төлөв цэлмэг. Салхи баруун өмнөөс 4-9 м/с. 6-8 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 28-нд баруун аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 29-нд Хангай, Хөвсгөлийн уулс, Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 30-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 28-нд Алтайн салбар уулсаар, 29-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор  15-17 м/с, 30-нд нутгийн зарим газраар 13-15 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 29-34 градус, өдөртөө 17-22 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. 30-нд нутгийн баруун хэсгээр хүйтний эрч чангарна.

2.Гал түймэр:

Төрийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороонд дүүргийн нэгдсэн эмнэлгийн цайны газарт гал гарч байна гэсэн дуудлагыг 01.26-ны өдрийн 04:22 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 6 км замыг туулан 04:30 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан.

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд “Хангал констракшин”-ы модон эдлэлийн агуулахад гал гарч байна гэсэн дуудлагыг 01.25-ны өдрийн 17:07 цагт хүлээн авч Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 9 км замыг туулан 17:17 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсанТөв аймгийн Батсүмбэр сумын Мандал багийн ”Үдлэгийн задгай” гэдэг газарт /сумын төвөөс зүүн урд зүгт 12 км-т/ иргэн Я-гийн сендвичен агуулахад хураалттай эсгий шатаж байна гэсэн дуудлагыг 01.25-ны өдрийн 14:44 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Батсүмбэр сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 12 км замыг туулан, 15:15 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороонд иргэн Э-гийн байшингийн дотор эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг 01.25-ны өдрийн 17:33 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 17:38 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Э /49 настай, эрэгтэй/ угаартаж нас барсан байсан тул цогцсыг тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлийн офицерт шилжүүлэн өгсөн.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Чүдэнзний-Ар багт иргэн Б-гийн байшингийн үүдний амбаарын дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.26-ны өдрийн 04.25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 2 км замыг туулж 04:31 цагт очиж, 60 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд иргэн Б-гийн байшингийн дээвэр, гарааш, “Грейсс” загварын дунд оврын хүн тээврийн автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.26-ны өдрийн 05:20 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 05:26 цагт очиж, 45 минут ажиллаж унтраасан.

3.Тэсэрч дэлбэрэх материалын осол:

Тэсэлгээний хэрэгслийн осолБаянхонгор аймгийн Баян-Овоо сумын Мандалхайрхан багийн “Цагаан цахир” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 45 км-т, аймгийн төвөөс баруун зүгт 60 км-т/ “Наранмандал” ХКК-ийн эзэмшлийн “Цагаан цахир” алтны уурхайд гэрээгээр тэсэлгээний хийдэг “Пироп-Эрдэнэ” ХХК-ийн ажилтнууд 01.24-ний өдрийн 12:30 цагийн орчим тэсэлгээний материал бэлтгэдэг агуулахад тэсэлгээний бэлтгэл ажил хийх явцад тэсрэлт болж 5 хүн бэртэж гэмтсэн. Бэртэж гэмтсэн 5 ажилтанг тус аймгийн Нэгдсэн эмнэлэгт авчирч үзлэг оношлогоонд оруулж байгаа тухай мэдээллийг 01.24-ний өдрийн 13:35 цагт “Наранмандал” ХКК-ийн төслийн менежер аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн. Тухайн осолд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны оршин суугч иргэн Г /44 настай, эрэгтэй/, Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны оршин суугч иргэн Д /22 настай, эрэгтэй/ нарын биеийн байдал хүнд, Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт, Баянхонгор аймгийн Баянлиг сумын Баян-Аараг багийн харьяат иргэн Г /28 настай, эрэгтэй/ биеийн байдал хүнд, эрчимт эмчилгээний тасагт тус тус хэвтэн эмчлүүлж байна. Мөн нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны оршин суугч иргэн Э /24 настай, эрэгтэй/, нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хорооны оршин суугч иргэн Ж /33 настай, эрэгтэй/ нарын биеийн байдал хэвийн тул гадуур гаргасан гэж Нэгдсэн эмнэлгийн мэс заслын эмч мөн өдрийн 17:20 цагт мэдэгдсэн. Биеийн байдал хүнд байгаа иргэн Г, Г, Д нарыг ерөнхий зориулалтын агаарын тээврийн “Геосан” ХХК-ийн “Cessna grand caravan 208B” загварын агаарын хөлгөөр 01.25-ны өдөр Баянхонгор сумаас Улаанбаатар хот руу зөөвөрлөж, ГССҮТ-д 14:45 цагт хүлээлгэн өгсөн. 3 иргэний биеийн байдал тогтвортой байна.

4.Мэдээлэл:

Төөрсөн: Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Хондот багийн “Их-Уул” гэдэг газарт /сумын төвөөс урд зүгт 35 км-т, аймгийн төвөөс зүүн зүгт 55 км-т/ Даланзадгад сумаас Цогтцэций сумын чиглэлд эзэмшил, улсын дугаар, загвар тодорхойгүй суудлын автомашинд зорчиж явсан Цогтцэций сумын харьяат иргэн У /34 настай, эрэгтэй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн/ нь хамт явсан хүмүүстэй муудалцаж автомашинаас бууж, хаана явж байгаагаа мэдэхгүй талаар 01.25-ны өдрийн 18:20 цагийн орчим ар гэрийнхэнтэйгээ утсаар ярьсан тухай мэдээллийг мөн өдрийн 19:57 цагт хүлээн авсан. Хамт явсан 2 иргэн, ар гэрийн 2 иргэн, нийт 4 иргэн, 2 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа тухай мэдээллийг эгч У аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top