Зуух, пийшин, яндангийн битүүмж алдагдах, цэвэрлэгээ хийхгүйн улмаас бөглөрөл үүсэх, яндангийн хүхээгийн хаалтыг хаасан, зуухны битүүмж алдагдсан зэргээс шалтгаалан угаартах нөхцөл бүрдэж, иргэд угаарын хийн хордлогод өртөх, эрүүл мэнд, амь насаараа хохирох хүртэл эрсдэл үүсдэг. Нүүрсхүчлийн дутуу ислийн хий нь үнэргүй, өнгөгүй, амтгүй, агаараас хөнгөн, тогтвортой, шатамхай хий учраас хүн хордсоноо мэддэггүй байх нь элбэг тохиолддог.
Хэрэв та гэртээ зуух, ханын пийшин хэрэглэдэг бол анхаараарай.
Танай гэрийн яндан хөөлөгдсөн үү? Пийшин зуухны бүрэн бүтэн байдал хангагдсан уу? Галлагаа хийхэд ямар ч асуудалгүй байж чадаж байгаа юу? Угаарын хийн хордлогоос өөрийгөө болон хайртай гэр бүлээ урьдчилан сэргийлж, хамгаалах боломжтой.
ЯНДАН ХӨӨЛӨХ ЗААВАРЧИЛГАА
Уламжлалт болон төслийн зуухны янданг хэрхэн хөөлөх вэ?
1. Галлахын өмнө яндангаа буулгаж үзүүр хэсэгтээ арзгар тросстой урт саваагаар хөө, тортгийг цэвэрлэнэ.
2. Цэвэрлэсний дараа яндангийн нэг үзүүрт битүү уут углаж зөөлөн түншиж хөө, тортогийг хийнэ.
3. Дээрх үйлдлийг 2-3 удаа давтана.
Ханан пийшинг хэрхэн хөөлөх вэ?
1. Байшингийн шувуу нуруунаас дээш гарсан янданг үзүүртээ арзгар тросстой 6 метр урт саваагаар дотор ханыг үрж тортог, бохийг унагана.
2. Савааг ханан пийшингийн худгийн доод хэсэгт хүргэнэ.
3. Ханан пийшин хэдэн худагтайгаас хамаарч худаг бүрт нүх гаргаж, дотор хана, булан тохой,өнцгүүдийг сайтар цэвэрлэж хөө тортгийг хутгаж авна.
Анхаарах:
1. Яндан хөөлөх явцад гэмтэл үүсч ан цав гарахаас сэргийлээрэй.
2. Хэрэв яндан элэгдэж, нимгэран ан цав гарч цоорсон тохиолдолд битүүлж шавардах эсвэл солих шаардлагатай.
3. Янданг жилд 2-3 удаа хөөлж хэвшээрэй.
Хүн бүр хариуцлагатай байж дээрх зааврыг ягштал мөрдөж өөрийгөө болон хайртай хүмүүсээ угаарын хийн хордлогоос хамгаалаарай.
