Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, ард иргэдэд мэдлэг, мэдээлэл олгох, төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах зорилгоор “Стратегийн команд штабын сургууль” зохион байгуулахтай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр “Ослын үеийн удирдлагын тогтолцоо-Хариу арга хэмжээ” сэдэвт сургалтыг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд зохион байгууллаа.
Сургалтад дүүргийн удирдлага, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгж байгууллага, хороодын Засаг дарга нар болон дүүргийн Онцгой байдлын хэлтсийн офицер бүрэлдэхүүн хамрагдлаа.
Мөн Онцгой байдлын байгууллагаас Онцгой байдлын ерөнхий газрын Бодлого, зохицуулалт, хамтын ажиллагааны газрын дарга, хурандаа Л.Өлзийбаяр, нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй нар оролцсон юм.
Сургалтын үеэр Одон орон геофизикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Х.Тунгалаг “Газар хөдлөлтийн төлөв байдал”-ын талаар мэдээлэл хийв.




