Өчигдөр /2023.10.29/ Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Япон цэргийн цогцолбор задгайд гэр шатаж байна гэсэн дуудлага 16:14 цагт ирсний дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн томилгоот ээлжийн алба хаагчид очиход иргэн Т-ын 5 ханатай гэр, эд хогшил бүрэн шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Н/40 настай, эмэгтэй/ өртөж нас барсан тул цогцсыг гаргаж тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжүүлэн өгсөн.
Цаг агаар хүйтэрч, галлагаа ихэссэн энэ үед гал түймэр гарах эрсдэл их байна.
Тиймээс галын аюулгүй байдлаа хангаж, яндан зуухыг мэргэжлийн байгууллагын зөвлөсний дагуу ашиглах, гэртээ бензин, шатах тослох материал хадгалахгүй байхыг зөвлөж байна.
Түүнчлэн цахилгааны аюулгүй байдлаа дахин нэг шалгаж үзэхийг сануулахын сацуу цахилгаантай холбоотой зөвлөмж хүргэж байна.
Юун түрүүн чанарын баталгаатай цахилгааны утас, холбогч унтраалга, залгуур сонгоорой.
Цахилгааны утсыг хивсэн доогуураа хэзээ ч бүү явуул.
Анивчиж, дүнгэнэсэн гэрлийн шилээ яаралтай сольж, цахилгаан халаагуурыг шатаж болох даавуун эдлэлээс хол байлгахыг сэрэмжлүүлж байна.